..бусад

Холбооны түүх

1990-ээд оны эхээр улс оронд өрнөсөн өөрчлөн байгуулалт, ардчилсан үйл явц Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн хөгжилд шинэ үеийг авчирсан юм. Хөгжлийнхээ дал гаруй жилийг МАХН-ын  удирдлага дор туулж өнгөрүүлсэн Монголын Үйлдвэрчний Эвлэл хөдөлмөрчин олон түмний язгуур эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ хадгалж үлдэхийн тулд багагүй бэрхшээлийг туулсан.

Монголд ҮЭ-ийн хөдөлгөөн нь анхнаасаа ажил мэргэжлийн чиглэлээр байгуулагдаж хөгжсөн онцлогтой бөгөөд ҮЭ-ийн байгууллагын хөгжлийн түүхэнд  тодорхой үүрэг гүйцэтгэсээр иржээ. 1924-1925 онд “Худалдаа үйлдвэрийн”, ”Эмнэлгийн ажилтны”, ”Ажилтан албан хаагчдын”, ”Тээх нэвтрүүлэхийн ажилтны” ҮЭ-үүд тус тус байгуулагджээ. Эдгээр Үйлдвэрчний Эвлэлүүд нь ажил мэргэжлийн ҮЭ-үүд үүсэн хөгжих хөрс суурь нь болсон түүхтэй. Улмаар 1928 онд хуралдсан МҮЭ-ийн 3-р их хурлаар салбарын ҮЭ-үүдийг цаашид олшруулах талаар гаргасан шийдвэр дагуу “Аж үйлдвэрийн”, ”Оёдлын”, ”Сурган гэгээрүүлэхийн ажилтны” зэрэг 11 салбар үйлдвэрчний эвлэлүүд байгуулагдаж байжээ. Дээрх ажил мэргэжлийн ҮЭ-үүдээс “Сурган гэгээрүүлэх” ажилтны ҮЭ нь улс орны хөгжил, ард иргэдийн соёл боловсрол, гэгээрүүлэх үйлсэд чухал байр суурьтай оролцож байлаа.

1960-аад онд манай оронд улс ардын аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж, үйлдвэрийн газрууд олноор байгуулагдаж, нэгдэлжих хөдөлгөөн, атар газар эзэмших аян ид өрнөж байлаа. Энэ үеэс үйлдвэрчний байгууллагууд социалист уралдаан, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэг төрийн зарим ажил үүргийг идэвхтэй гүйцэтгэх болов. 

Үйлдвэрлэлийн болоод хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, ажилчдад шинэ техник эзэмшүүлэх, тэдний мэргэжил боловсролыг дээшлүүлэх, техникийн сэхээтнүүдийн бүтээлч санаачилгыг өрнүүлэх, хөдөлмөрийг үзэх шинэ үзэл санаагаар хамт олныг төлөвшүүлэх, ажилчдын ерөнхий боловсролыг дээшлүүлэх гол гол зорилтуудыг ҮЭ-үүд амжилттай хэрэгжүүлж байв. 

Улс орны хөгжил дэвшилтэй уялдан, МҮЭ-ийн өмнө тулгарсан шинэ зорилт зорилгыг хэрэгжүүлэхийн тулд ҮЭ-ийн байгууллага, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх шаардлага бий болсон. Улс ардын аж ахуйн шинэ, шинэ салбарын хөгжлийг даган МҮЭ-ийн Төв Зөвлөл 1963 онд ажил төрлийн ҮЭ-үүдийн Төв Хороод байгуулах саналыг МАХН-ын Төв Хороонд оруулав.  Улмаар Намын Төв Хорооны шийдвэр дагуу 1963 оны 11, 12-р сард ҮЭ-үүдийн Төв Хороодын анх дугаар хурлууд болж, “Аж үйлдвэрийн ажилтны”, “Барилгын ажилтны”, ”ХАА-н ажилтны”, “Тээвэр холбооны ажилтны” , “Соёл гэгээрлийн ажилтны” ҮЭ-ийн  Төв Хороод байгуулагдав. Салбарын ҮЭ-үүдийн Төв Хороод  үйлдвэрлэл, мэргэжлийн чиглэлээр ажиллагчдынхаа эрх, ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэхийн тулд өөр, өөрийн байр сууринаас ажиллаж, тэмцэж ирлээ.

1982 онд Намын Төв Хороо МҮЭ-ийн Төв Зөвлөлийн санал бодлыг сонсолгүйгээр салбарын ҮЭ-үүдийн Төв Хороодыг  татан буулгах шийдвэр гаргалаа. 

1980-аад оны сүүлчээр ЗХУ болон социалист орнуудад өрнөсөн өөрчлөн байгуулалтын давалгаа МҮЭ-үүдийн үйл ажиллагаанд ч хүчтэй нөлөөлсөн. Энэ он жилүүдэд өөрчлөн байгуулалт хүчээ авч, ардчиллын уур амьсгал нийгмийг цочроож эхэлсэн үе. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолой хүчтэй цууриатаж, нам, төрийн хүнд суртал, захиргаадалтын ноёрхлыг таягдан хаях шаардлага бүхий цуглаан жагсаал идэвхжиж байлаа. Улс орны нийгэм улс төрийн шинэ нөхцөл байдал, ард олон хөдөлмөрчдийн шахалт шаардлага дагуу МҮЭ-ийн үйл ажиллагаанд шинэчлэлт, өөрчлөлт хийх хойшлуулшгүй асуудал тулгарлаа.

МҮЭ-үүдэд хийгдсэн өөрчлөлтүүдийн нэг нь 1989 оны эхээр салбарын ҮЭ-үүдийг сэргээж, ажил мэргэжлийн ҮЭ-үүдийн Төв байгууллагуудыг байгуулсан явдал юм. Энэ өөрчлөлтөөр “Соёл гэгээрлийн ҮЭ-ийн байнгын зөвлөл” нь Ардын Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн Төв Хороо  болон зохион байгуулагдав.

БСШУЭХ-ажилтны ҮЭ нь МҮЭ-үүдийн нийт гишүүдийн гуравны нэг буюу 213000 гаруй гишүүдийг нэгтгэн,1000 гаруй анхан шатны байгууллагатай харьцаж байв. Салбарын ҮЭ-ийн нийт гишүүдийн 42 хувь буюу 105644 нь боловсрол, шинжлэх ухааны, 34 хувь буюу 72262 нь төр, олон нийт, соёл урлагийн, 24 хувь буюу 35482 нь эрүүлийг хамгаалах салбарын ажилтнууд байв.

Нутаг дэвсгэрийн байдлаар бол аймаг сум, орон нутгийн салбарт 91554 гишүүн, нийслэл Улаанбаатарт 21884 гишүүнтэй байлаа. Шинээр байгуулагдсан салбарын ҮЭ-ийн Төв Хороо нь  ардчилсан зарчмын дагуу төлөөлөн удирдах төв байгууллага буюу бүгд хурлын гишүүд, дарга, тэргүүлэгчдээ сонгож, үйл ажиллагааныхаа зорилго зорилтоо тодорхойлж ажилласан. 

1989-1990 онууд МҮЭ-үүдийн хувьд хүнд сорилтын жилүүд байв. Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигчид ҮЭ-үүдийн бүх шатны байгууллагуудад байсан. МҮЭ-ийн байгууллагад хийгдэж байгаа өөрчлөлт нийгмийн шаардлагаас хоцорч байгаад ҮЭ-ийн ажилтан, сонгуультан, олон зуун гишүүд бухимдаж байлаа. МҮЭ-ийн Төв Зөвлөл болон салбарын ҮЭ-ийн байгууллагад “ҮЭ-ийг шинэчлэх” хүсэл эрмэлзэлтэй залуу ажилтнууд нэгдэж МҮЭ-ийн удирдлагуудад шаардлага илгээв. “ҮЭ-ийг шинэчлэх” хөдөлгөөний шаардлагад МҮЭ-ийн бүтэц, зохион байгуулалтад эрс өөрчлөлт хийх, нам төвтэй төвлөрсөн удирдлагаас татгалзаж, ҮЭ-ийг ардчилсан зарчмын үндсэн дээр байгуулах, сайн дураар эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулах, Төв Зөвлөлийн удирдлага бүрэлдэхүүнээрээ  огцрохыг   шаардсан нь МҮЭ-ийн дээд, дунд шатны удирдлагуудыг багагүй цочирдуулж байв

Нийгмийн шаардлага, ”шинэчлэх хөдөлгөөн”, ҮЭ-ийн сонгуультнууд, гишүүдийн шахалтаар 1990 оны 6-р сард МҮЭ-ийн ээлжит бус их хурал хуралдаж, МҮЭ-ийн өөрчлөлт шинэчлэлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, зах зээлийн нөхцөлд баримтлах бодлого, хандлагаа тодорхойлсон юм.
Боловсрол, Соёл, ШУ, Эрүүлийг хамгаалахын ажилтны ҮЭ-ийн Төв Хороо байгуулагдаад яг нэг жилийн дараа буюу 1990 оны 3-р сард ээлжит бүгд хурлаа хийж, “БСШУЭХ-ны ажилтны ҮЭ-ийн өөрчлөлт шинэчлэлтийн тулгамдсан асуудлууд”-ыг хэлэлцсэн. Тус бүгд хурал салбарын ҮЭ-ийн Төв Хорооны төдийгүй МҮЭ-үүдийн бүх түвшинд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай болсныг анх түрүүн зоримог бөгөөд шийдмэгээр дэвшүүлэн тавилаа. Бүгд хурлаас хойш хоёрхон сарын дараа /1990 оны 5-р сард/ салбарын ҮЭ-ийн бага хурал  хуралдаж, тус ҮЭ-ийн Төв Хороог ардчилсан зарчмын дагуу салбарын бие даасан гурван  ҮЭ-ийн Төв Хороо болгох асуудлыг хэлэлцэв. Ийнхүү 1990 оны хавар Боловсрол Ш/У-ны ажилтны ҮЭ-ийн Гүйцэтгэх Хороо байгуулагдсан нь МҮЭ-ийн түүхийн хуудаснаа тод томруунаар бичигдэх учиртай.

Боловсрол, Ш/У-ны ҮЭ нь 1990 оны 5- р сард хуралдсан анхны бага хурлаараа салбарын ҮЭ-ийн дүрэм, үйл ажиллагааны үндсэн чиглэл, ойрын жилүүдийн зорилтоо тодорхойлов.

АБШУ-ны ажилтны ҮЭ-ийн дүрэмд заасны дагуу бүх аймаг хотод боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн салбар хороод байгуулагдаж, өөрийн тамга тэмдэгтэй, данс санхүүтэй, орон нутагтаа салбарын ҮЭ-ийг төлөөлсөн хуулийн этгээд болон үйл ажиллагаа явуулж байлаа. Аймаг хотын боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн салбар хороодын дарга, зохион байгуулагчид нь АБШУ-ны ҮЭ-ийн бүгд хурлын гишүүдээр сонгогдон, гишүүдээ төлөөлж бүхий л бодлого, үйл ажиллагаанд оролцож байв.

АБШУ-ын ҮЭ-ийн Гүйцэтгэх Хороо орон нутгийн боловсролын ҮЭ-ийн салбар хороодоор дамжуулан олон мянган гишүүддээ мэргэжлийн удирдлага, дэмжлэг туслалцаа үзүүлж, тэдэнд тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд зохих хувь нэмрээ өгсөн нь дамжиггүй. Энэ үед салбарын ҮЭ-ийн Гүйцэтгэх Хороо үндэсний хэмжээний бодлого, үйл ажиллагаа явуулж байсан төдийгүй аймаг сумдаас багш, сэхээтэн ҮЭ-ийн гишүүдийн төлөөллийг бага, бүгд хуралд сонгон, гишүүдийн үзэл бодлыг нэгтгэн илэрхийлж байлаа.

Салбарын ҮЭ нь байгууллагын дотоод журамдаа Гүйцэтгэх Хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид, аппаратын ажилтнуудын хүлээх үүрэг, ажлын чиглэлийг нарийн тусгасан нь ардчилал, ил тод байдлын шинж төрхийг агуулсан хэрэг. ҮЭ-ийн ажилтнуудыг ЗХУ-ын Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүх Холбоотны ҮЭ-ийн Олон Улсын хөдөлгөөний дээд сургуулийн сургалтад явуулж мэдлэг чадварыг нь дээшлүүлж байв.  

1990-1995 он боловсролын салбарт ажиллагчдын хамтын тэмцлийн он жилүүд байв. Хүн амын ядуурал, амьдрал дагасан нүүдэл, ажилгүйдэл, сургууль завсардалт боловсролын салбарт гүнзгий хямрал авчирлаа. Боловсролын салбарын төсөв, хөрөнгө оруулалт жил ирэх тусам танагдаж, үний хөөрөгдөл, мөнгөний ханш бууралт хүмүүсийн амьдралд олон сөрөг үр дагавар авчирч байлаа.

Боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс хувийн компани пүүсийн цэвэрлэгч үйлчлэгчийн цалингаас хэдэн дахин доогуур байлаа. Ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургуулиуд төсөв мөнгөний гачаал, суралцагчдын тооноос шалтгаалан олноороо хаагдлаа. Үүнийг дагаад олон зуун багш ажилтнууд ажилгүй болов. Төрийн боловсролын талаарх бодлого ч бүрхэг байлаа. 

1995 оны 4-р сарын 18-ны өдөр нийслэлийн 84-р сургуулийн багш нарын сургуулийн захиргаатай хийсэн хөдөлмөрийн маргаан хурцдаж, ажил хаялт зарлалаа. Хэдхэн хоногийн дараа хот, дүүргийн 90 гаруй сургуулийн 340 гаруй багш ҮЭ-ийн сонгуультнуудын цуглаан болж, хамтын тэмцэл хийх шийдвэр гаргаж, “Багш нарын хөдөлгөөнийг зохицуулах түр хороо”г 21 хүний бүрэлдэхүүнтэй  байгуулав. Боловсрол, ШУ-ны ҮЭ-ийн Чөлөөт Холбоо, багш нарын хөдөлгөөнийг зохицуулах түр хорооноос ажил хаялтын үйл явцыг хурцатгахгүйгээр тулгамдсан асуудлуудыг зөвшилцөл, яриа хэлэлцээрийн замаар хамтран шийдвэрлэх санал, шаардлагыг Засгийн газар, БШУЯ-д удаа  дараа тавилаа. Гэвч төрийн өндөрлөгүүд багш нарын санал шаардлагад тоомжиргүй, үл ойшоох байдлаар хандсан нь багш нарын бухимдлыг дэвэргэж, нийгмийг доргиосон үйл явдал эхэллээ.

Нийслэл Улаанбаатар хот төдийгүй Төв, Булган, Говьсүмбэр, Дундговь, Увс, Өвөрхангай, Дорнод зэрэг аймаг, сумдын багш нарын ажил хаялтын тэмцэл өрнөв. 1995 оны 5-р сарын 1-нд багш нарын тэмцлийг дэмжсэн нийслэлийн хөдөлмөрчдийн цуглаан болж, Ардчилсан холбоо, МҮАН, МСДН-зэрэг улс төрийн нам эвсэл, иргэд хөдөлмөрчид багш нарын тэмцэлтэй эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлж байлаа.

5-р сарын 10-нд нийслэлийн 10000 гаруй хүний томоохон цуглаан болж, МҮЭ-үүдийн Холбоо багш нарын тэмцлийг дэмжиж, өөрийн байр сууриа илэрхийлсэн нь олон түмнийг дэмжлэгийг авлаа. Энэ цуглааны дараахан Баянгол дүүргийн багш нарын жагсаал Сүхбаатарын талбайд түрэн орж ирснээр  Засгийн газрын ордон,  Эрх чөлөөний талбай тэмцлийн халуун цэг боллоо.

1995 оны 6-р сарын 3-ны байдлаар нийслэлийн 80 гаруй сургууль, хөдөө орон нутгийн 25 сургууль цэцэрлэгийн багш нар ажил хаялтын тэмцэлд нэгдсэн байлаа.

Нийслэлийн багш нарын ажил хаялт 1995 оны 4-р сарын 18-аас1995 оны 9-р сарын 6 хүртэл 140 гаруй хоног үргэлжиллээ. Энэ хөдөлгөөнд төв хөдөөгийн 110 гаруй сургуулийн 7000 гаруй багш, ажилтнууд оролцсон юм. Дөрвөн сар гаруй  үргэлжилсэн багш нарын ажил хаялт монголын түүхэнд хамгийн том, хамгийн урт удаан хугацааны тэмцэл болсон.

Багш нарын ажил хаялт зөвхөн цалин хөлсөө нэмэгдүүлэхийн төлөө байгаагүй. Тэд боловсролыг шинэчлэхийн төлөө, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого үйл ажиллагааг улам далайцтай болгохын төлөө өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, Засгийн газар, БШУЯ-д шаардлага тавьсан. Үүнийг багцлан хэлбэл: 
- Багш нарыг ажилгүйдэл, ядуурлаас хамгаалах наад захын алхам болгож, цалинг 3 дахин нэмэгдүүлэх
- Боловсролыг тэргүүлэх салбарын хэмжээнд тавьж, эрх зүйн шинэчлэлийг хийж, боловсролын удирдлага, зохион байгуулалтыг өөрчлөн сайжруулахыг шаардаж байлаа.

Тэмцлийн шууд үр дүн
-Багш нарын цалин хөлсийг 40 хувиар нэмэгдүүлж, нэмэгдэл хөлсийг цалингийн 60 хүртэл хувьтай тэнцэх хэмжээгээр бодож олгох
-Тэмцлийн үр дүнд зөвхөн багш нарын цалин нэмэгдсэн төдийгүй төсвийн байгууллагуудын нийт ажиллагчдын цалин 40-60 хувиар нэмэгдсэн.
-БШУ-ны ҮЭ-ийн Чөлөөт холбооноос  багш нарын онц бага хурлыг хуралдуулж, боловсролын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, БШУЯ-д зөвлөмж илгээв.
-1996 оныг Боловсролын жил болгон зарласан.
-УИХ-аас “Төрийн албаны тухай” хууль баталж, төрийн албан хаагчдад үзүүлэх 8 төрлийн хөнгөлөлтийг баталгаажуулав.
-Боловсролын шинэчилсэн хуулинд нэмэлт өөрчлөлтүүд оруулж, багш нар тэтгэвэрт гарахдаа нэг жилийн цалинтай тэтгэмж авдаг болсон.
-БШУ-ны сайдын 30 гаруй тушаал шийдвэр, нийслэлийн Засаг даргын боловсролын талаарх хэд хэдэн захирамж гарч, олон асуудал шийдвэрлэгдсэн. Тухайлбал: Гурван яамны сайдын хамтарсан тушаалаар багш нарт 7 төрлийн нэмэгдэл/ дэвтэр зассаны, анги удирдсаны, кабинет хариуцсаны/ хөлс, 7 хоногийн цагийн нормыг 19 цаг болгох, ур чадвар зэрэг дэвийн нэмэгдлүүдийг олгохоор болов.

Нийгмийн ач холбогдол, сургамж
- Багш нарын ажил хаялт тэмцэл нь ардчиллыг гүнзгийрүүлэхийн төлөө хийсэн түүхэн томоохон тэмцлийн үргэлжлэл  болсон
- Энэ тэмцэл ҮЭ-ийн байгууллага нь  гишүүд хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах хүчтэй сөрөг хүчин гэдгийг олон түмэн, төр засагт мэдрүүлж чадсан. 
- Багш нар цалин хөлсөө нэмгдүүлэх эдийн засгийн тэмцэл хийгээд зогсоогүй нийгмийг ардчилах, шинэчлэхийн төлөө тууштай тэмцэл явуулсан. Боловсролын шинэчлэлийг түргэтгэх, төр, захиргааны хүнд суртлыг халахын төлөө үзэл бодлоо илэрхийлж байв.
- Шударга ёсны төлөө, эрх, эрх чөлөөний төлөөх аливаа тэмцэл хөдөлгөөн нь аль ч нийгэмд Засгийн газар, эзэд, ажил олгогчдын зүгээс хатуу шахалт дарамт, бэрхшээлтэй тулгарч байдгийг түүхэн үйл явцаар нотолж өгсөн.
- Тэмцлийн сүүдэр дагаж, ашиг хонжоо, алдар нэр горилогчид, хутган үймүүлэгчид, ая тал засагчдын үнэн нүүр царай танигдсан. Гэвч тэд тэмцлийн үр дүнг адилхан л хүртэж байлаа.
- Боловсролын салбарын тэмцэлд соёл урлагийнхан, эрдэм шинжилгээний ажилтнууд, эрүүлийг хамгаалахын салбарынхан нэгдсэн бол монголын ардчилал, нийгмийн өөрчлөлт шинэчлэлд илүү үр дүнгээ өгөх байснаа хожим ойлгосон.
- Үндэсний хэмжээний хамтын томоохон тэмцлийг зөвхөн ҮЭ-үүд хуулийн хүрээнд зохион байгуулдаг гэдгийг баталгаажуулсан.
- Шударга тэмцэл хэзээ ч хүчин мөхөсдөхгүй гэдгийг багш нарын тэмцэл харуулсан.

Тэдний тэмцлийг ОУ-ын чөлөөт ҮЭ, ОУ-ын багш нарын чөлөөт ҮЭ болон АНУ, ОХУ , Япон, Солонгос зэрэг орнуудын багш нарын холбоо, ҮЭ-үүд дэмжиж, монгол орны 400 гаруй олон нийтийн байгууллага, нам, эвсэл холбоод, хөдөлмөрийн хамт олон 32000 гаруй эцэг эх, ахмадууд сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байлаа.

1996 онд БШУ-ны ҮЭ-ийн Чөлөөт Холбоо нь  Олон Улсын Боловсрол Байгууллагын/ОУББ/ гишүүн болсноор ҮЭ-ийн шинэчлэлд шинэ чиг хандлага бий боллоо. Зах зээлийн нийгмийн өндөр хөгжилтэй орнуудын  ҮЭ-үүдийн хөдөлгөөнтэй танилцаж, суралцах боломж нээгдлээ.
БШУ-ийн ҮЭ-үүдийн хэтийн зорилго бол ” …Боловсролын чанарыг дээшлүүлэхэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гишүүдийн эрх ашгийг тууштай хамгаалдаг бие даасан, хүчирхэг, нэгдмэл, ардчилсан байгууллага болох “гэж тодорхойлов.

2000 оны байдлаар салбарын ҮЭ-ийн хэмжээнд 14000 гаруй гишүүд, анхан шатны 276 хороо, бүлэг ажиллаж байсан бол 2008 оны байдлаар 17000 гаруй гишүүдтэй, 320 гаруй үндсэн нэгж байгууллагатай болж, анхан шатны байгууллага, гишүүдийн тоо өслөө. Нийт гишүүдийн бүрэлдэхүүнийг ажил мэргэжил салбараар авч үзвэл: сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажиллагсад 30.1 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилтан 54.5 хувь, их, дээд мэргэжлийн сургуулиудын ажиллагчид 15.4 хувийг эзэлж байна.

1993 оноос хойш ээлжит болон ээлжит бус бага хурлаар салбарын ҮЭ-ийн дүрэмд 6 удаа нэмэлт болон үндсэн өөрчлөлтүүд оруулсан нь ҮЭ-ийн ардчиллыг баталгаажуулах, гарч байгаа шийдвэрүүдийг нэг юм уу нэг хэсэг хүний хүсэл зоригоос ангид байлгах, сонгуулийг тэгш шударга нээлттэй зохион байгуулах, ҮЭ-ийн удирдах сонгуульт ажилтан, шийдвэр гаргах бүтцүүдийг улс төрийн нам болон бусад институцуудаас хараат бус байлгах,  шийдвэрүүдийг аль болох олонхийн төлөөллөөр шийдэх, ҮЭ-ийн санхүүгийн ил тод байдлыг хангах, хяналттай зарцуулах заалтуудыг нэмснээр ОУББ-ын гишүүн орнуудын ҮЭ-үүд жишигт нилээд ойртсон юм.

ҮЭ-ийн Холбооноос Боловсрол, ШУ-ны салбарыг хувьчлахгүй байх бодлогыг тууштай баримталж, Засгийн газрын хөтөлбөрийн төсөлд санал өгөх, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ҮЭ-ийн оролцоог хангах асуудлыг УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороонд хэд хэдэн удаа тавьж байв. 

Боловсролыг хувьчилснаар нийгэмд шударга бус явдал даамжирч, сурч боловсрох тэгш байдал алдагдах, боловсролыг өргөн хэрэглээний зах зээлийн бараа мэт үзэх, боловсролын үнэ цэнийг  зоосны нүхээр харах сөрөг хандлага нийгэмд бий болохын эсрэг салбарын ҮЭ ажиллаж байлаа.
БШУ-ны ҮЭ-ийн “ Гэгээрэл” Холбоо Монгол Улсын Нийгмийн даатгалын үндсэний зөвлөл, Нийгмийн зөвшилцлийн 3 талт үндсэний хорооны гишүүний үүрэгт ажлыг амжилттай гүйцэтгэсээр  байна.
Энэ хугацаанд манай холбоо ОУББ-ын их хурал, Ази номхон далайн орнуудын болон Зүүн азийн бүс нутгийн ҮЭ-үүдийн бага хурал, багш нарын ОУ-ын форум симпоузм зэрэг арга хэмжээнд оролцож, дэлхийн багш нартай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсээр байна. 

Мөн 2002 оны 7-р сард Улаанбаатар хотноо ОУББ-ын Зүүн А зийн орнуудын багш нарын “Боловсролын 6-р чуулган”-ыг манай холбоо бие даан амжилттай зохион  байгуулсан. Тус чуулганд Японы багш нарын холбоо, Солонгосын багш нарын ассоциаци, Тайваны багш нарын үндэсний ассоциаци, Солонгосын багш, боловсролын ажилтны ҮЭ, Гонгконгийн мэргэжлийн багш нарын холбоо, МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны 50 гаруй албан ёсны төлөөлөгчид оролцжээ. 
ОУББ –ын зүгээс хөгжиж буй орны хувьд манай салбарын ҮЭ-ийг зах зээлийн нийгмийн мөн чанарын дагуу ардчилсан ҮЭ-болгон хөгжүүлэх талаар бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. БШУ-ны ҮЭ-ийн Холбоо 1998 оноос эхлэн ОУББ –ын дэмжлэгтэйгээр Норвеги, Канад, Японы багш нарын ҮЭ-ийн байгууллагатай хамтын ажиллагааны  шугамаар хэд хэдэн төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

2007 оноос иргэний хөдөлгөөн идэвхжлээ. Эх орныхоо газар шороо, ашигт малтмал, эрдэс баялгаа хамгаалахын төлөө эрх мэдэл албан тушаалын хүнд суртал, авилгын эсрэг “Иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл”, ”Соёмбо” “Миний монголын газар шороо” зэрэг хөдөлгөөнүүдийн тэмцэл өрнөлөө. Төрийн нэр барьсан хууль завхруулагчид, залилан мэхлэгчид, газрын наймаачид, албан тушаалын авилгачид газар авч, гэмт хэрэг, айдас олныг түгшээж байв. Бензин шатахууны үнийн хөөрөгдлийг далимдуулж, эрчим хүч, цахилгаан дулаан халаалт, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадав. Баян  ядуугийн ялгаа өдөр шөнө шиг болов. Хүмүүсийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх баталгаагүй болсоор байлаа.

Энэ бүхэнд хүний эрхийг хамгаалагч үйлддвэрчний эвлэлийн дуу хоолой сонсогдохгүй байв.    ҮЭ хийх ёстой, тэмцэх ёстой үүрэг зорилгоосоо ухарсан мэт байгаад ҮЭ-ийн ажилтан, сонгуультан, гишүүд дургүйцлээ илэрхийлэх болов. Үйлдвэрчний эвлэлийнхний дунд “шинэчлэх хөдөлгөөн” ч өрнөлөө. “Шинэчлэх хөдөлгөөн”-д Боловсрол, шинжлэх ухаан, Худалдаа- нийтийн хоолны, Төмөр зам, Гадаадын хөрөнгө оруулалттай  оёдлын үйлдвэрүүд, Талх чихэрийн үйлдвэр, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн гээд салбар, салбарын ҮЭ-ийн ажилтан, сонгуультнууд идэвхтэй оролцож байв. Тэд ҮЭ-ийн ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн  төлөө шинэ, шинэ шаардлага тавих болсон. Тэдний эрчимтэй тэмцлийн дүнд МҮЭ-ийн Их хурал 2 дахь удаагаа ээлжит бусаар хуралдан, дүрэм, стратегийн зорилтоо шинэчлэн баталсан билээ.

Боловсрол Шинжлэх ухааны ҮЭ-ийн Холбоо 2007 оны хавар ээлжит бус, 2008 онд ээлжит хурлаа хуралдуулж, бодлого зорилт, удирдах бүрэлдхүүнээ шинэчиллээ. БШУ-ны салбарын цалингийн тогтолцоог шинэчлэх, салбарын ажиллагчдыг орон сууцаар хангах, Нийгмийн даатгалын системийг үндсээр нь өөрчлөх, боловсролын төсөвт ҮЭ, олон нийтийн хяналтыг хүчтэй болгох, БШУ-ны хөгжлийн бодлого, үйл ажиллагаанд гишүүдийн оролцоог  нэмэгдүүлэх зэрэг нийгмийн ач холбогдолтой алхмуудыг хийж эхэллээ.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн татварыг цалингаас суутгах нь зөв үү?

Үр дүн

Холбогдох

210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Чингис хааны талбай 3, МҮЭ-ийн холбооны байр,

221, 315, 316 тоот өрөө

Утас: 976 - 11 - 313609, 326328

Факс: 976 - 11 - 323555

И-мэйл: mtu@mongol.net

Facebook хаяг: mtu_fmesu

 

Вэб хандалт

Өнөөдөр:

108


Өчигдөр:

64


Сүүлийн долоо хоногт:

711


Нийт:

158589


© 2014, Монголын Боловсрол Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо. Бүх эрх хуулиар баталгаажсан.