Сайна уу Зочин!,   Нэвтрэх   Бүртгүүлэх
Монгол English
Нүүр хуудас | Түгээмэл асуултууд | Сайтын бүтэц | Холбоо барих

“Чанартай Боловсрол - Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг хамгийн зөв шийдэл”

Үндсэн чиглэл:
Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 6-р сарын 12-ны өдрийг Хүүхдийн Хөдөлмөрийн эсрэг Дэлхийн Өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн өдрийн үйл ажиллагааг дэлхий даяараа “Боловсрол - Хүүхдиийн хөдөлмөрийн эсрэг хамгийн зөв шийдэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг хамтран 2008 оны 9 сарын 26-аас 10-р сарын 6-ны хооронд тус аяныг “Багш нар хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” уриан дор ЕБС-ууд дээр зохион байгуулахаар төлөвлөсний дагуу энэхүү удирдамжийг хүргүүлж байна.

Үйлдвэрчний байгууллагууд нь хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх үйл ажиллагааны чухал хамтрагчид юм. Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг багш нарын үүргийг ОУХБ дарааах байдлаар тодорхойлсон:
  • Үндэсний хэмжээний боловсролын бодлогыг боловсронгуй болгох, чанартай, заавал эзэмших боловсролыг бүх нийтэд үнэ төлбөргүйгээр олгохыг дэмжсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах
  • Эрсдэлтэй хүүхдүүдтэй өдөр бүр нүүр тулж, тэдний ирцийг бүртгэж байдаг тул хүүхдийн хөдөлмөрийг хянахад багш нар ба ҮЭ-үүд чухал үүрэг хүлээнэ. “Оршин байгаа нутаг дэвсгэртээ хүүхдийн хөдөлмөрийг ашиглаж буй салбар, түүний хэлбэрүүдийг тодорхойлж, сургууль дээрээ хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх хороог байгуулж, эцэг эх, орон нутгийн ба үндэсний удирдагчдад асуудлыг ойлгуулах, мэдээлэх зэргээр нь хяналтын тогтолцооны үе шатуудад багш нар ихээхэн хувь нэмэр оруулж чадна” гэж ОУХБ үзэж байгаа бөгөөд МБШУҮЭХолбоо ч санал нэгтэй байгаа юм.
Хүүхдийн хөдлмөрийг устгах ба Бүх нийтийн боловсролын зорилтод хүрэх гэсэн хоорондоо уялдаатай асуудлыг шийдэхэд ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнууд, гишүүд, дэмжигчдийг татан оролцуулахад энэхүү удирдамжийн ач холбогдол оршиж байна.

Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ?
Хүүхдийн оюун санаа, бие бялдар, ёс суртахуунд аюул учруулах болон хортой нөлөө үзүүлэх, хөлстэй ба хөлсгүй ажил буюу үйл ажиллагааг хүүхдийн хөдөлмөрт хамруулна.
Өнөөдөр зарим хүүхдүүд аймшигтай зүрх шимширмээр байдалд хөдөлмөр эрхлэн өсч торниж байна. Эд суралцах насандаа сургууль соёлгүй, тоглох тоглоомгүй, хүсэл мөрөөдөлгүй аюултай орчинд маш багаасаа хүчээр хөдөлмөр эрхлэн, боловсрол олж авах эрхээ хүртэл боогдуулан өөрийгөө хөгжүүлэх, илүү сайхан амьдрах боломжоо алдан амьдарч байна.
ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын тооцоогоор нийт 218 сая хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд бүртгэгдсэн байна. Эдгээр нь 5-17 насны хүүхдүүд бөгөөд 126 сая нь эрүүл мэнддээ хор хөнөөл учруулахаар нөхцөлд ажиллаж байна. Мөн нийт хүүхдүүдийн 165 сая нь 5-14 насны хүүхдүүд байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм.

ОУ-ын хүний эрхийн баримт бичигт юу гэж тусгасан байдаг вэ?
Хүүхэд бүр албан ёсны суурь боловсрол олж авах эрхтэй. НҮБ-д нэгдсэн аливаа улс орон энэхүү ОУ-ын конвенцийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэхүү 2 конвенцэд манай улс нэгдсэн байдаг.
138 дугаар Конвенц: Гишүүн орон бүр хүүхдийн хөдөлмөрийг устгах, ажил эрхлүүлэх насны доод хязгаарыг хүүхэд бие бялдар, оюун санааны хувьд гүйцэт боловсрох үеийн настай нийцүүлэн аажмаар ахиулан тогтоож байхад чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ. Насны ерөнхий доод хязгаар нь ердийн нөхцөлд 15 ба түүнээс дээш /зайлашгүй боловсролыг дүүргэх наснаас дээш нас/, хөнгөн ажилд 13 нас, аюултай ажилд 18 нас /тодорхой хамгаалагдсан нөхцөлд 16 нас/, Эдийн засаг боловсролын тогтолцоо нь сайн хөгжөөгүй орнуудад насны доод хязгаар 14, хөнгөн ажилд 12 нас, аюултай ажилд 18 нас /тодорхой хамгаалагдсан нөхцөлд 16нас/ байна.
182 дугаар конвенц: Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгахад чиглэсэн үр дүнтэй арга хэмжээнүүдийг нэн даруй авч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Улмаар гишүүн орон бүр хүүхдийн хөдөлмөрийг устгах үйл хэрэгт боловсролын үзүүлэх ач холбогдлыг анхааралдаа авч, үр дүнтэй бөгөөд тодорхой, цаг хугацааны хязгаар бүхий арга хэмжээнүүдийг зохион байгуулах үүрэг хүлээсэн.

Хүүхдийн хөдөлмөр болон боловсрол 2 ямар уялдаа холбоотой вэ?
Өнөөдөр 70 гаруй сая сургуулийн насны хүүхдүүд сургуульд хамрагдаагүй байна. Маш олон хүүхэд сургуульд бүртгүүлсэн боловч хичээлдээ байнга явж чаддаггүй байна. Эдгээр хүүхдүүдийн ихэнх нь хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд байдаг. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн гол шалтгаан нь ядууралтай шууд холбоотой. Ядуу өрх гэр бүл нь хүүхдийнхээ хөдөлмөр эрхэлсэн орлогоос хамааралтай байдаг нь тухайн хүүхдийн боловсролд нь анхаарах биш, мөнгө олохыг нь илүү чухалчилдаг байна. Ядуу өрхүүд нь хүүхдийнхээ сургалтын төлбөр, дүрэмт хувцас, ном дэвтэр гэх мэт бусад зардлуудыг төлж чаддаггүйн улмаас олон хүүхэдтэй айл нь хэнийгээ сургуульд суралцуулах вэ гэсэн сонголтыг хийдэг. Хүүтэй болон охинтой айлууд хүүгээ сургуульд сургаж, охиноо ажил хийлгэдэг байна.
Тэдний хувьд хөдөлмөр эрхлэх, түүнд татан оролцох магадлал маш багасдаг. Иймд хүүхдүүдийг наад зах нь албан ёсны, үнэ төлбөргүй, суурь боловсролд хамруулах нь чухал юм.
Сургуульд хамруулах нь чухал боловч хүүхдүүдийг сургуульдаа дуртай байлгахын тулд чанартай боловсрол эзэмшүүлэх нь түүнээс илүү чухал байна.
Чанартай боловсрол гэдэг нь багшлах боловсон хүчний тоо хангалттай бөгөөд нэг багшид ноогдох хүүхдийн тоо хэвийн хэмжээнд байхыг хэлдэг. Багш нар болон сурган хүмүүжүүлэгчид нь өөрсдийгөө байнга хөгжүүлж байхын тулд сургалт семинарт тогтмол хамрагддаг, мэргэжлээ дээшлүүлдэг байх нь зүйтэй.
Эцэст нь хэлэхэд анги танхимийн нөхцөл байдал муу, сурах бичиг гарын авлага дутагдалтай бол чанартай боловсрол эзэмшүүлэх нь эргэлзээтэй. Тиймээс анги танхимд суралцах тааламжтай орчинг бүрдүүлэх хэрэгтэй.
Боловсрол олж авсан хүүхдүүд нь ядуурлаас өөрийгөө авч гарах чадвартай болсон байдаг ба насанд хүрээд өөрийнхөө хүүхдийг заавал сургуульд хамруулдаг сайн талтай.

Олон Улсын түвшин дэх арга хэмжээ
ОУ-ын Хүний эрхийн баримт бичиг конвенцийн дагуу хүүхэд бүр суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй.
НҮБ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтод тусгаснаар 2015 он гэхэд эрэгтэй эмэгтэй хүүхдүүд ижил тэгш эрхтэйгээр ЕБС-д суралцах боломжоор хангагдсан байна гэж үзсэн.
Хүүхдийн хөдөлмөрийг устгах ОУ-ын АЙПЕК хөтөлбөрийн хүрээнд ОУХБ хүүхдийн хөдөлмөрийг зогсоох тал дээр гол үүрэг гүйцэтгэж 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна. Үүний ихэнх нь хүүхдийн эрхийг хамгаалах хууль, хөдөлмөрийн тухай хуульд чиглэгдэж байна. Мөн хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг ажлаас нь гаргах, тэдэнд сэтгэл зүйн сургалт явуулах, хөдөлмөр эрхлэлтээс өөр нөхцлүүдийг санал болгох, харьяалагдах засаг захиргаа, хороонд нь мэдэгдэж заавар зөвлөлгөө өгөх гэх мэт үйл ажиллагаа явуулж байна.

Сурагчид болон залуучууд юу хийж чадах вэ?
Залуу хүмүүс нь нийгэмд маш ач холбогдолтой хэсгийг төлөөлж байдаг. Тэдний үйл ажиллагаа нь хүүхдийн хөдөлмөрийг зогсооход чухал үүрэгтэй. Энэхүү удирдамж, гарын авлагад дурьдсан үйл ажиллагаанд анги хамт олноороо юмуу хэсэг бүлгээрээ оролцосоноор та бүхэн хүүхдийн хөдөлмөр гэж чухам юу вэ? Дэлхийн хэмжээнд ямар асуудал үүсээд байгаа гэдгийг ойлгохоос гадна хүүхдийн хөдөлмөрийн эсрэг авагдаж буй арга хэмжээнүүдэд оролцох боломжтой болно.
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа уг танилцуулганд орсон хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн зурагнуудыг ашиглаарай гэж хүсэж байна.
Хэрэв та интернэтэд холбогдох боломжтой бол ОУХБ-ын вэбсайт болон www.ilo.org/dcomm. хаягаар нэвтрэн хүүхдийн хөдөлмөртэй холбогдох түүх, намтар, зураг бусад мэдээллийг татаж авах боломжтой.
ОУХБ нь хүүхдийн хөдөлмөрийн эсрэг явуулах үйл ажиллагааг дэмжих хүрээнд СКИРИМ программ хэрэгжүүлж байна. Энэ нь Боловсрол, уран зураг, урлаг соёлоор дамжуулан хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх программ юм. Үүнд маш олон арга хэмжээнүүдийг авч байгаа жишээ нь: Театрчилсан тоглолт, зохион бичлэг, зургийн уралдаан гэх зэрэгийг ашигласан байна.Энэхүү үйл ажиллагааны талаар танд дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол www.ilo.org/ipec вэб хаягнаас мөн мэдээлэл авч болно.

Аяны зорилго:
  1. Боловсролоор дамжуулан хүүхдийн хөдөлмөрийг устгах талаар багш нарын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх,
  2. Багш нараар дамжуулан сурагчид, эцэг эх, олон нийтийн дунд хүүхдийн хөдөлмөр ба боловсролын уялдаа холбоо, хамаарлын талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
Хугацаа: 2008.09.26 - 2008.10.06 хүртэл
Зохион байгуулагчид: Сургууль дээрх үйл ажиллагааг Үйлдвэрчний Эвлэлийн Хорооноос Сургуулийн нийгмийн ажилтантай хамтран удирдан зохион байгуулна.
Удирдамжтай хамт хүргүүлэх гарын авлагууд:
  1. ОУХБ-ын Хүүхдийн Хөдөлмөрийг Устгах Олон улсын хөтөлбөрөөс гаргасан “Боловсролоор дамжуулан хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх нь” товхимол,
  2. “Боловсролоор дамжуулан хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх аргууд: Монгол улс дах зарим туршлага” гарын авлага
  3. Дэлхийн өдрийн плакат
Сургууль дээр зохиогдох ажлын чиглэл: /Дараах ажлуудыг заавал бүгдийг нь зохион байгуулах хэрэгтэй биш бөгөөд өөрийн сургуулийн онцлог, үр дүнтэй байлгах талаас нь бодолцон 2-3 ажлыг чанартай зохион байгуулахыг зөвлөж байна./

Ойлголт өгөх сэдвүүд:
- Хүүхдийн хөдөлмөр гэж юу вэ?
- Хүүхдийн ажил, хөдөлмөрийн ялгаа, эерэг ба сөрөг хандлагыг ойлгуулах
- Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд
- Хүүхдийн хөдөлмөрийн шалтгаан
- Хүүхдийн хөдөлмөр ба боловсрол
- Хүүхдийн хөдөлмөрийн талаарх өөрийн орны болон олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан баримт бичгүүд

Мэдээллийн самбар ажиллуулах
- Дээрхи асуудлыг тайлбарласан материалууд байх
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан 138, 182-р конвенц, 146, 182, 190-р зөвлөмжүүд, Хөдөлмөрийн тухай хууль г.м

Хэлэлцүүлэг хийх
- Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг бид юу хийж чадах вэ?
- Хүүхэд нас – Сурч хөгжих нас
- Хэлэлцүүлгийг багш, сурагч, эцэг эх, ажилчдын дунд явуулах

Сургалт хийх
- Сургалтыг хүүхдийн насны онцлогт тохируулан хөтөлбөр боловсруулж хийх
- Багш, эцэг эх , ажилчдад хийх /сэдвийг оновчтой сонгох/
- Хөдөлмөр эрхэлж болзошгүй хүүхдийг өөрсдийн эрхээ хэрхэн хамгаалах талаар ойлголт өгөх
- Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийг ойлгох, тусалж дэмжих

Судалгаа гаргах
-    Сурахын зэрэгцээ хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд
-    Хөдөлмөр эрхэлж болзошгүй хүүхэд
-    Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх томчуудын ойлголт

Нээлттэй хаалганы өдөрлөг
-    Хүүхдийн хөдөлмөрийн талаарх багш , сурагч, эцэг эхчүүдийн ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор уулзалт, “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд” ярилцлага зохион байгуулах, хөдөлмөр эрхлэж буй хүүхдүүд, тэдгээр эцэг эхэд зөвлөгөө өгөх

Бусад ажлууд
- Хүүхэд хамгаалал гэж юу болох, түүний ач холбогдолыг ойлгуулах
- Гэр бүлийн хөтөлбөр боловсруулах
- Амьдрах ухааны сургалт зохион байгуулах
- Мэргэжлийн сургалтуудыг сурталчлах

Зохион байгуулалтын хэлбэр:
- Төвлөрсөн арга хэмжээ
- Хэсэгчилсэн арга хэмжээ
- Явуулын арга хэмжээ

Сургууль дээр хийгдэх ажлыг сургуулийн нийгмийн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар хамтран гүйцэтгэнэ. Хийгдсэн ажлыг тайлангийн хуудсаар 2008.10.06-ны дотор зохион байгуулагч байгууллагуудад ирүүлнэ. Амжилттай сайн зохион байгуулсан нийгмийн ажилтан, үйлдвэрчний хороон дарга нартай цаашид энэ асуудал дээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллана. Ажлын тайландаа явуулсан үйл ажиллагааг илэрхийлсэн фото зургийг хавсаргаарай.

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Сургуулийн Нийгмийн Ажилтны Нийгэмлэг

Харилцах утас: 326328, 99110789
Хаяг: Чингэлтэй дүүрэг, СБ-ын талбай 3, МҮЭ-ийн холбооны байр 315 тоот хаягаар тайлангаа авчирч өгөх буюу s_zorigtbaatar@yahoo.com хаягаар явуулна уу.

Сэтгэгдэл бичих

Зурган дээрх кодыг оруулна уу.